Сэтгэлийн ганганаа

Өвгөн зээрд

Өвгөн зээрд
Дууль
Хавсарга нүдсэн хөх жавар
Хавирга зургар Өвгөн зээрд
Ижил сүргээ орхин уяаруугаа шогшлоо
Эвий дээ Өвгөн зээрд мину
Гурван унаганыхаа хойноос
Гурван эх дагалаа
Гурван гүүнийхээ араас
Гучаад адуу дагалаа
Өвгөн зээрдийн араас
Өнөр сүрэг дагалаа
Өнөр сүргийнхээ араас
Өргөн тал дагалаа
Их Монголын наадамд уралдах
Дааганы нүдэнд нулимс цийлэв
Эрчит дөрвөн туурайнд нь хотолздог
Дуулим талд ангир гаслав
Хүлгийн тоос нэг тасарч
Хүүхдийн гийнгоо нэг зангирч
Ахин дахин цангинав аа
Уулс хошууртал унгалдсанаа
Агтын хашааг хийгүй харайж
Уургын арваад морь сульдаасан
Адуучин Батбуянгийн зээрд үрээ
Тал сунган торойход
Тэгнээ тэр  гэж Банзрагч дуу алдав
Энэ үрээг чинь газраар нь авья
Эмээлтэй халиунаа агтанд өгөв
Дэгсхэн хэлсэн хүнд есхөн ширхэг
Дээшээ босоо дэлтэй зээрд
Дэнжийн салхийг хөг ортол булгиж
Дээлийнх нь  хаваасыг  гөвж орхив
Хөмөрсөн цөгц шиг цомбон
Дөрвөн туурайны галтай чулуунд
Хөх Дэмид эгмээ хугалуулж
Хөдөс наан сар болов
Тогоол тослом адгуус гэж
Тогоруу Бадам толгой сэгсрэв
Ээртлээ Банзрагч хоер шидүүлж
Эмээл нэгийг будаа болгуулав
Улсын наадмын урд оройн
Буянт ухаа алаг эрээн
Уяач Банзрагчийн баруун талд
Боссон майхан Очир гуайнх
Зургаан насны хүлэгтэй уяанаа
Зээрд үрээ зүүрмэглэнэ
Очсон уяачид цөм л
Очир гуайн амыг харна
Хурсан шинжээчдэд Очир гуай
Хурдан буян гэж зээрдийг хэлнэ
Айдасын даваа ч өндөр босго доо гэж
Ам уралдуулж Бадам хоохолзоно
Тогоруу Бадам гэтэл
Уясан морь байхгүй
Тогоо өнгийж уяачид дагаж
Ууж идэж сурсан хүн
Торгон дээл дурдан бүсээ
Тоос шороонд хутган өнхөрч
Наадам таруут унаа хөсгөө хаян
Намрын айраг хөөдөг гайхал
Зээрэн харайлттай хязаалан настай
Зээрд үрээ аман хүзүүдэж
Монгол наадамд дөрөөн дуу нэмэн
Морь уяачдын  сэтгэл хөглөв
Бурхан уяачийн майханг дуу алдуулж
Буурал хурандаа зочин ирэв
Од гарч  шөнө болохуй
Очир гуайн согтуу ч хөлдөө оров
Унаа морио тавихаар
Уяан дээрээ Банзрагчийг очтол
Унаган найзууд түшилдэн  гарч ирэв
Уядаг хээрээ зар гэж хурандаа шалав
Миний хээрээс хурдан буян
Манай зүүн майхны хүүд бий
Хэвгий л газар унасан
Байдсан гүүний унагаа гэж сонсогдов
Ахрын ноосоор хийсэн тохом
Баруун талд нь давхарлаад тохчихвол ч
Айдаа юунд ч гүйцэгдэхгүй
Алтан буян даа гэж дуулдав
Үдийн тал нүдэнд эрээлжлүүлж
Үүргэлсэн салхи чихэнд шуугиулж
Мяндсан сүүлнээсээ эгшиг татуулж
Мянгаад морь зурхайнаас эргэлээ
Тэнгэр уужим болохоор
Тоос нь багтаж байна
Тэнүүн тал уужим учир
Тэнхээ хурдыг нь хэмжиж байна
Тавхан настай сөөсгөр хүүгийн
Татсан жолооноос амаа булаалгүй
Ташуур өргөх төдийд хөл тасран
Тавиухан харайх Зээрдийг хараач
Эрчлэн боссон тоос нь
Найман овоо босож нурна
Эмээлийнх нь тохмыг хараач
Ээтэн Очир гуайн хэлсэн үг ээ
Ахрын ноосоор хийсэн тохом
Баруун талд нь давхарлаад тохчихвол ч
Айдаа юунд ч гүйцэгдэхгүй
Алтан буян даа  гэсэн үнэн байж
Хорин таван насандаа
Өвгөн зээрд морь
Хол саахалт түрүүлэн
Өчнөөн хүнийг уйлууллаа
Өвгөн зээрд морины
Наадмын өмнөх уяан дээр
Өчигдөр намайг очиход
Ир нь таараагүй байсан
Эмээлээ өглөө булигсан
Их сунгаанд хоер хадуурсан
Барианы газарт шогшиж ирсэн
Баярын давхил хаяанд тулсан
Жаргах нарнаар  Банзрагч уяач
 Жаргалантын худаг дээр жолоо татсан
Хөл дээрээ тогтомгүй  бөмбөртөл
Хөх махыг  нь усаар цохисон
Давхар нэмнээгээр битүү нэмнэж
Даага гарамгүй өндөр ухаагийн
Энгэр өгсүүлэн ухасхийлэгсэн
Эгц оройд тулган татсан
Том эрээн майхны хойморт
Тогоруу Бадам хүлээж суусан
Ир нь мултарчихсан  өвгөн морийг
Ингэх ч дээ гэж гасалсан
 Есөн хүслийн бэлгэ тэгшрээсэн
 Есөн гариг мөнхөд тойрсон
Талын цагаан өргөө
Таанан дунд цавцайна
Хусуурын хөлс амталж
Хуурын  утас янцгаалгасан
Боржигоны  бор толгод шиг
Бор эр Банзрагчийнх энэ
Хултай айраг
Хуруу дэмбээтэй эргэнэ
Хууч яриа
Хурдан морьдтой дэргэнэ
Ээлийн цагаан ширмэл дээр
Азын дөрвөн морь бууна
Эгшигт дуулийн мөрөнд
Ажнай Зээрд үүрсэнэ
Он цагтай цуг морьд эргэж
Онгон загалаа чингис гурийлна
Өвгөн зээрдийн сүүлнээс
Өвгөн шувуу ниснэ
Өвгөн шувуу
                                                                                         1988 он Ж Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax