Сэтгэлийн ганганаа

Бугын дуу

        Бугын дуу
Мөнгөн од шүргэм эврээрээ
Босоо ширэнг хуу хуу зулан
Мөчирт наадах сарны гэрлийг
Цацлын сүү шиг цацраан цацраан
Асга шаргиадаг салаа туураараа
Хөвд онги онги гишгэлэн
Ар шандын тооройт харгианаас
Хөвчийн уулс хөглөн хөглөн
Жиндүү намрын хөнгөн агаар
Цалгин цалгин халтал
Жийжүү дөрөөний хаттай таваг
Царгин царгин дуугартал
Бугын дуу чихэнд хадав аа
Буурал аавын хийморт хангинав аа
Анчин аавын магнайн атираа
Аргагүй л тэнийнэ дээ гэж санав аа
Адал явдалт ангийн ярианы
Амтыг авч сонсоно доо гэж бодов оо
Аав тэгтэл
Гал нь буураагүй нүднийхээ харцыг
Газрын ширдэгнээс холдоохгүй тогтоолоо
Галзуу улаан дүнснийхээ галыг
Гаанснаасаа цохилгүй толгойд нь унтраалаа
Сэтгэлийнхээ угт бодлоо ороолдуулж
Нэгээхэн хэсэг чимээгүй суулаа
Сэм сэмхэн шүүрс алдаж
Нэг ч цухуйлгахгүй удлаа
Аав тэгснээ
Учирал зарлах бугын дуунд
Уул уулаа цуурайлан дууддаг юм
Хөг дуундаа хөтлөгдсөн буга
Хөвчид жим нэмэн цувдаг юм
Анд хорхойтсон залуу насандаа
Дуунд хөтлөгдсөн буга дутаахад
Буянт хангай цэнхэр асгаа нуртал
Бугын дуунд намаржингаа хангинасаан!
Нарлаг хангай намаржин хангинаж
Надад бодол ухаарал өгсөн ч
Учралд яарсан сайхан амьтны
Ухаан тавьсан гуниг зүрхэнд үлдсээн!
Санаанд хадаан ийн ярихад
Шанааны нь судас булгин байлаа
Зангирсан үгтэй хойлоогоо засахдаа
Завилсан суудалдаа ганхаж байлаа
Жиндүү намрын хөнгөн агаар
Цалгин цалгин халтал
Жийжүү дөрөөний хаттай таваг
Царгин царгин дуугартал
Бугын дуу чихэнд хадсаар л...
Буурал аавын хийморт хангинсаар л..
          1980он       Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 94 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул